Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол...

2012 оны 03-р сарын 27 Нийтэлсэн хуучин

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л дээвэрээс хавар дуслах

Болжморууд түлээний завсараар нуугдаж тоглох

Хажуу айлаас барисан талхны шинэхэн үнэр

Хамар цоргих

Салхи ямар нэг ая исгэрэхэд

Шонгийн утас дэм болох

Хэмнэлд нь хүүгийн минь хувцас

Хэцэн дээр хөнгөн бүжих

Энэ бүхнийг гэрийнхээ довжоон дээр харж зогсоод

Эзэмшил нутгаар хашаагаа төсөөлөх

Хаанд өөрийгөө өргөмжлөх

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэнг

Ердөө л энэ гэж нээх

Хаварт

2012 оны 03-р сарын 24 Нийтэлсэн хуучин

Ирэх гэж яарсаар

Эцчихсэн цаг хугацаа

Хашааны буланд

Гэрэвшин цухуйгаад

Нярайлсан эх мэт

Амар амгалан мэдэрч

Нялх хүүхэд шиг

Үнэгчлэн байнам

Чамайг л бодсоор....

2012 оны 03-р сарын 09 Нийтэлсэн хуучин

Нүдээ цавчихгүй

Цонхоор ширтэж зогсоод

Цаг хугацааг зогсоож чадна би

Нүдээ тас анисан ч чадна

Чамайг л бодсоор

Цаг хугацааг зогсоож чадна би.....

Жиргэх ч завгүй...

2012 оны 03-р сарын 09 Нийтэлсэн хуучин

Хэцэн дээр минь

Хэдэн болжмор

Өглөөг өлгөөд

Урд орой

Угааж тависан

Урт шөнөөс

Дуссан усыг

Амандаа цуглуулж

Цай чанахаар зэхээд

Жиргэх ч завгүй...

Тэнгэрийн бүүвэйлэх өвлийн шиг...

2011 оны 12-р сарын 27 Нийтэлсэн хуучин

Тэнгэрийг бүүвэйлэх

Өвлийн ой шиг

Нам гүм байнам

Тэнд энд гишүү хугарч

Туулай дэгдэхэд үнэгчилээд

Тэнгэрийг бүүвэйлсэн

Өвлийн ой мэт

Нам гүмхэн зүүдэлнэм

Мөрөөдөж олсон энэ ойдоо

Морин жим дагаад

Мододоос сэмрэх цасыг

Мөрөн дээрээ тээгээд

Нам гүмхэн алхнам

Өнөөдөр маргааш тэгээд

Өнө мөнхөд

Өвлийн ой мэт

Нам гүмхэн амьдарнам

Хамгийн том хэсэг нь ....

2011 оны 12-р сарын 26 Нийтэлсэн хуучин

Энэ тэндээс олоод

Эвлүүлээд наачихсан өдрийн

Энд тэнд гүйсээр

Эцэж гүйцлээ

Хагархай толь мэт

Цаг хугацааг наах гэсэн

Харамсал гунигийн хэлтэрхийгээ

Хаанаас ч олж чадахгүй нь

Хайран юм

Хамгийн том хэсэг нь ....

Цаг хугацааны алган дээр

2011 оны 12-р сарын 03 Нийтэлсэн хуучин

Цаг хугацааг хүлээхдээ

Цаг хугацааг үдээд

Цас бударсан үдшээр

Цор ганцаар зогсном....

Цав цагаанхан

Цаг хугацаанууд

Алган дээр минь бууж

Амьсгал хураахад....

Хэмжээлэшгүй сайхан

Аз жаргалтай санагдаад

Хэний алган дээр

Зогсож буйгаа мартмаад л...

Алган дээр минь

Амьсгал хураах

Цаг хугацааг үдээд

Цаг хугацааг хүлээгээд...

Цаг хугацааны

Алган дээр

Цас мэт хайлнам

Цас л болж төрөх юм шүү...

Хичнээн сайхан юм бэ....

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн хуучин

Мөрөнгийн тэнгэр

Малгайлсан цастайд

Миний жижигхэн байшин

Мөсөн чихэр шиг харагдаад...

Зуухандаа гал нэмж

Ном тэвэрч суугаад

Зуу зуун жил ингэж

Нам гүм амьдармаар...

Үр минь хажуунаас

Өнхрүүшээ  яриад эхэллээ

Үлгэр дотор амьдрах

Хичнээн сайхан юм бэ.......

Альхан зүгийн тэнгэрийг арчиж яваа бол доо...

2011 оны 10-р сарын 30 Нийтэлсэн хуучин

Цонхоо хичнээн арчивч

Өнгө орохгүй тэнгэрийн

Цонхигор саарал царайг

Өдөржин ширтэж зогсход

Цэлмээх хүсэлд минь

Дэм болох гэж

Дээврээс нисэх шувууд

Дэмий л огт оргүйг зүлгээд л....

Саарал тэнгэр шиг

Миний сэтгэлийг

Саруул цонх мэт

Тунгалаг болгох

Алагхан зүрх шиг

Жижигхэн шувуухай

Альхан зүгийн тэнгэрийг

Арчиж яваа бол доо....

Зохиомол жүжиг мэт амьдралд чинь

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн хуучин

Зохиомол жүжиг мэт амьдралд чинь

Захиалагдчихсан туслах дүр би

Хөшигний ард давтаж давчихсан үзэгдэлээ

Хөл чичрэн байж чин үнэнчээр тоглосон

Аз жаргалыг чинь дараагийн үзэгдэлд

Цагаан морьтой залуу үнсэлттэйгээ бэлэглэхэд

Алга ташилт... тайзны гэрэл... цэцгэн титэм ...

Аль хэдийн үзэгчид туслах дүрийг мартчихжээ

Инээмсэглэж л болохгүй шүү.... инээмсэглэж

2011 оны 09-р сарын 14 Нийтэлсэн хуучин

Аньсан нүдэнд минь чиний зураг

Алгаараа үсээ илбээд л ганцаардаад л

Надгүйгээр хичнээн гунигтай байгаагаа

Нүдэнд оршигч минь ойлгож байна уу?

Чимээгүйхэн шанаагаа тулж нүдээ аниад л

Чиний уйтгараар би өөрийгөө дүүргэж байна

Инээмсэглэж л болохгүй шүү инээмсэглэж

Ийм зурагт хэзээ дурлсанийг минь ойлготол

Гүүр мэт удаан зогсном

2011 оны 08-р сарын 29 Нийтэлсэн хуучин

Гол мэт биеийг чинь ширтээд

Гүүр мэт удаан зогсном

Ангир цээжний чинь зүүсгэл далайн чулуу

Амьсгалах чинь хүртэл давалгаа шиг юм

Нүдээ чамд үүрд юм шиг дүрчихээд л

Нүүх үүлсийн дор гүүр мэт зогсном

Аньсага нүд чинь яг бороо шиг тунгалаг

Амсчихмаар уруул чинь завь шиг хөвөх юм

Амьдралын урсгал гольдоргоо хэзээний өөрчилчхөж

Алсийн алсад жирийн гүүр ганднам

Намарт

2011 оны 08-р сарын 26 Нийтэлсэн хуучин

Мөрөө үлдээж

Урт замаа чирээд  

Мөрөнгийн тэнгэрт

Тогорууд хөвөрнө

Шувуухай эсвэл

Навчны л хамаатан гэх бүсгүйг

Шуудангийн унаанд суулгаад

Үнсэж ч зүрхлэхгүй үднэ 

Надаас бүхэлдээ зугтах мэт

Намар цаг.... намар цаг ....


................................


Миний гэх юмгүй

Миний л  намар

Хэний бичсэн захидалын

Шарласан хуудас нь вэ?

Энхрийлэх мэт уншаад

Энгэрэн тушаа нандигнахад 

Эргээд гүймээр он цагт

Хэний дурсамж гэрэлтэнэ вэ?

Би чамд хайртай... гэнэм

2011 оны 08-р сарын 07 Нийтэлсэн хуучин

Хөлгүй нуурын эрэгт

Хөлөө дүрж суугаад

Хөвүүн багын дурсамжаа

Хөврүүлэн хөвүүлэн байхад


Лусын дагинад бичсэн

Шилэн лонхтой захидалын хариуг

Шууданч давалгаа өртөөлсөөр

Миний гарт атгуулнам


Ирсэн захидалыг яаран задлахад

Бичгийн минь хэвийг дуурайлган  

Би чамд хайртай... гэнэм

Би эргэлзээгүй итгэм


Хөлгүй нуурын эрэгт

Хөлөө дүрж суугаад

Хөвүүн багын мөрөөдөлөө

Хүндэтгэл дүүрэн хөдөөлүүлнэм

Үүрдийн гуниг чи хэзээ нисэх вэ?

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн хуучин

Далавчаа дэвэх тоолонгоор чинь

Давалгаа хацрыг минь эсгэх юм

Нүдний гүнд дэх мөнхийн  нуурнаас

Үүрдийн гуниг чи хэзээ нисэх вэ?


Харцнаас  дүр  чинь хэзээ арчигдаж

Хацарт үлдсэн уруул чинь хэзээ угаагдах вэ?

Чиний инээмсэглэл сонсох дуртай аязууд

Чихэнд минь эгшиглэхээ  хэзээ зогсоох вэ?


Дурсамжаа би хэзээ сөхөхөө болиж

Дуслах нулимс минь хэзээ дуусах вэ?

Мөнхийн нууранд минь намар хэзээ ирж

Нүүдлийн шувуу болоод гуниг минь хэзээ нисэх вэ?